Цар тахалтай холбогдуулан хэлэлцэж байгаа хуулийн төсөл, дагалдах хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд 2020 оны 4 сарын 29-ний өдөр УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдааны үеэр Л.Болд гишүүний санал болгосноор олон нийтийг төөрөгдүүлэх, худал мэдээ, мэдээлэл түгээсэн тохиолдолд иргэнийг 5 сая, аж ахуйн нэгжийг 50 сая төгрөгөөр торгох тухай санал гаргаж дэмжигдсэн байна.
Уг заалтын хуучин хувилбар буюу иргэнийг 500 мянга, аж ахуйн нэгжийг 5 сая төгрөгөөр торгохоор байгаа нь өөрөө "иргэний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, мэдээлэл хайх, олж авах эрхэд цензур тогтоож, урвуулан ашиглагдаж болзошгүй, улмаар үзэл бодлоо илэрхийлэхэд айдас түгшүүр төрүүлж байгаа тул хасах, үгүй бол "худал мэдээ, мэдээлэл", "олон нийтийг төөрөгдүүлэх" гэснийг хуулиар тайлбарлах тухай" санал гаргасаар байтал үүнийг улам дордуулсан саналыг АБГББХ-ны гишүүд дэмжсэн явдал бол хүний эрхийн байдлыг илт дордуулж байгаа хэмээн ХЭФ-ын гишүүн байгууллагууд үзэж байна.