Нүүр хуудас  ›  Мэдээ
 
2022.12.14  Хүний эрхийн төлөв байдлын ээлжит түгээмэл хэлэлцүүлэг механизмаар 3 дахь удаа хэлэлцээд 170 зөвлөмж өглөө
2021.02.04  УИХ-д хүргүүлсэн шаардлагын бичигт хариу ирүүлэв
2021.01.26  УИХ-ын дарга Г.Занданшатарт хандаж яаралтай сөрөг нэхэмжлэх гаргахыг шаардлаа
2021.01.26  Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүхэд хандаж яаралтай сөрөг нэхэмжлэх гаргахыг шаардлаа
2021.01.26  МУ-ын ерөнхийлөгч Х.Баттулгад хандаж яаралтай сөрөг нэхэмжлэх гаргахыг шаардлаа
  Монгол Улсын Засгийн газар ТББ-тай хамтран ажиллахаа НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн өмнө илэрхийллээ

Монгол улсын Засгийн газар 2010 оны 11 дүгээр сарын  2-ны өдрийн 10.00-13.00 цагт Швейцар улсын Женев хотноо хуралдсан НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн ээлжит дүгнэлт хэлэлцүүлгийн  9-р хуралдаанд хүний эрхийн төлөв байдлаа танилцуулж, дүгнүүллээ.  

Хуралдаанд оролцогч улсуудаас ХЭЗ-ийн гишүүн 24, ажиглагч 19 нийт 43 улсын төлөөлөгч цаазаар авах ялыг халах, бэлгийн цөөнх, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хүндэтгэх, хамгаалах, эрүүдэн шүүлт, хүн худалдаалах гэмт хэрэг, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, жендерийн тэгш байдлыг хангах, хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгах, шилжин суурьшигсад, хотын захын гэр хорооллын иргэд болон алслагдсан нутаг дахь малчдын эрхийг хангах, хамгаалах, иргэдийнхээ эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зэрэг олон чухал асуудлыг хөндөн Монгол улсын  Засгийн газарт асуулга  тавьж, зөвлөмж  өглөө. Тухайлбал, цаазаар авах ялыг түдгэлзүүлсэн МУ-ын Ерөнхийлөгчийн санаачилгыг  гишүүн бүх улс сайшааж ойрын хугацаанд цаазаар авах ялыг бүрмөсөн халахыг зөвлөлөө.

Монгол улс НҮБ-ын хүний эрхийн гол гэрээ конвенцуудад нэгдэн орсон хэдий ч гэрээний хэрэгжилтийн талаар бодит мэдээлэлд тулгуурласан, үнэлгээ дүгнэлт бүхий тайлан илтгэлээ  цаг тухайд нь ирүүлэхгүй  байгааг  онцлон тэмдэглэж, цаашид анхаарч ажиллахыг зөвлөсөн. Түүнчлэн, Иргэний болон улс төрийн эрхийн олон улсын пактын хоёрдугаар нэмэлт протокол, Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцийн нэмэлт протокол, Цагаач ажилчид, тэдний гэр бүлийн гишүүдийн эрхийг хамгаалах тухай конвенци, Хүчээр сураггүй алга болгохын эсрэг конвенци, Дүрвэгсдийн конвенци зэрэгт нэгдэж орохыг зөвлөв. 

Хүний эрхийг хамгаалах үндэсний механизм бий болгох чиглэлээр авч хэрэгжүүлсэн алхмуудыг олон улс сайшаасан ч Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийн үр нөлөөг дээшлүүлэх, хэрэгжилтэнд мониторинг хийх, Хүний эрхийн үндэсний комиссыг Парисын зарчимд улам бүр нийцүүлэх, Үндсэн хуулийн цэц хувь хүний гомдлыг хүлээн авч шийдвэрлэх эрх зүйн орчин бий болгохыг зөвлөлөө.

Хүний эрхийн зөвлөлийн хуралдааны үеэр улс орнуудын тавьсан асуултанд Монгол улсын Засгийн газрын төлөөлөгчдийн өгсөн зарим хариулттай ТББ-ын форум санал нийлэхгүй байна. Тухайлбал, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо бага байгаа нь сонгогчдын буруу мэтээр тайлбарлаж, нийгэм дэх эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах хандлагыг өөгшүүлж, энэ чиглэлээр Монгол улсын Засгийн газрын олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээсээ зайлсхийсэн мэдэгдэл хийснийг буруушааж байна.

Бэлгийн цөөнхийн эсрэг цагдаа, хууль сахиулах байгууллагаас үзүүлж буй дарамт, хавчлагын талаар албан ёсны мэдээ баримт байхгүй гэсэн шалтгаанаар асуудлыг үгүйсгэсэн, хариуцлагагүй мэдэгдэл хийсэнд шүүмжлэлтэй хандаж байна.
Иргэдийнхээ эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангаж, хамгаалж чадахгүй байгаа шалтгаанаа байгалийн гамшиг, цаг уурын өөрчлөлттэй холбон тайлбарласан нь уул уурхайн үйл ажиллагааны улмаас үүсч буй хүний эрхийн зөрчлүүдийг үгүйсгэсэн, төр хүлээсэн үүргээ туйлын хангалтгүй биелүүлж байгаагаа хаацайлсан мэдэгдэл боллоо.

7-р сарын 1-ний үеэр амиа алдсан иргэдийн хэргийг мөрдөн шалгах үйл явцын талаархи асуултад хариулахдаа хэргийг  нотлох баримт хангалтгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон хэмээн үнэнд үл нийцсэн  хариулт өгсөнд харамсаж байна.

Монголын ТББ-ын Форумаас НҮБ-ын ХЭЗ-ийн ээлжит дүгнэлт хэлэлцүүлгийн хүрээнд бэлтгэсэн мэдээллийг нухацтай судалж, ТББ-ын төлөөлөлтэй биечлэн уулзаж, ХЭЗ-ийн хуралдааны үеэр Монголын хүний эрхийн асуудлыг дэвшүүлэн тавьсан улс орнуудын Засгийн газрын төлөөлөгчдөд талархахын ялдамд, Монгол улсын Засгийн газар  дээрх зөвлөмжүүдийг хүлээн авч хэрэгжүүлнэ гэдэгт итгэж байна.

                                                            Монголын ТББ-ын Форум

Гишүүн байгууллагуудын бөглөх маягт
НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газар/Монгол
Хүний эрхийн форумын ёс зүйн зөвлөлийн журам
Хүний эрхийн форумын бүх гишүүдийн хурлын дэг
Хүний эрхийн төрийн бус байгууллагуудын форумын дүрэм