Нүүр хуудас  ›  Мэдээ
 
2017.12.08  “Хэнийг ч орхилгүй хөгжье!” олон нийтийн цуглаанд оролцогсдоос тавьсан шаардлага
2017.12.07  “Хэнийг ч орхилгүй хөгжье!” нээлттэй цуглаанд оролцож эв санаагаа нэгтгэн, дуу хоолойгоо өргөхийг уриалж байна
2017.12.07  “Хэнийг ч орхилгүй хөгжье!” нээлттэй цуглааны хөтөлбөр
2017.09.22  Хүний эрхийн ТББ-ын Форумын гишүүд НҮБ-ын Тусгай илтгэгч Жон Нокстой уулзлаа
2016.11.20  “Хүний эрхийн тухай ярилцъя” өглөөний уулзалтад урьж байна
  Хүний эрхийн ээлжит дүгнэлт хэлэлцүүлэгт бэлтгэх Монголын төрийн бус байгууллагуудын форум байгуулагдлаа

Хэвлэлийн мэдээ

2010 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр      

        2010 оны 11 сард НҮБ-ийн Хүний эрхийн зөвлөл Монгол улсын хүний эрхийн төлөв байдлыг дүгнэн хэлэлцэх гэж байгаатай холбогдуулан төрийн бус байгууллагууд 2010 оны 1-р сарын 10-12-ны өдрүүдэд зөвлөгөөн хийлээ.

        2006 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблей Хүний эрхийн зөвлөлийг үүсгэн байгуулж,  улс орнуудын хүний эрхийн төлөв байдлыг 4 жил тутам дүгнэн хэлэлцэх Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт хэлэлцүүлэг хэмээх шинэ механизмыг үүсгэн байгуулсан.  Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт хэлэлцүүлгийн зорилго нь дэлхийн бүх хүмүүсийн тусын тулд НҮБ-ын гишүүн 192 улсын хүний эрхийн төлөв байдлыг дүгнэн хэлэлцэх замаар хүний эрхийн нөхцөл байдлыг газар дээр нь сайжруулах явдал юм.

       Иймээс 2010 оны 11 сарын 23-ны өдөр НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүд Монгол улс дахь хүний эрхийн төлөв байдал буюу Монгол улсын Засгийн газар хүний эрхийг хангах, хамгаалах талаар олон улсын болон иргэдийнхээ өмнө хүлээсэн үүрэг, амлалтаа хэрхэн хэрэгжүүлж байгааг дүгнэн хэлэлцэх гэж байна. Уг дүгнэлт хэлэлцүүлэгт Монгол улсын Засгийн газар үндэсний тайлан бэлтгэн оролцохоос гадна  Монгол улс дахь НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, Хүний эрхийн үндэсний комисс, төрийн бус байгууллагууд тайлан илтгэл бэлтгэн оруулах боломжтой юм.

        Иймд Хүний эрх хөгжил төв болон “Глоб Интернэшнл” ТББ-ууд хамтран Хүний эрх хөгжлийн төлөөх Азийн Форум хэмээх бүсийн хүний эрхийн байгууллагын дэмжлэгтэй “Хүний эрхийн зөвлөлийн ээлжит дүгнэлт хэлэлцүүлэгт төрийн бус байгууллагууд бэлтгэх нь” сэдэвт сургалт, зөвлөгөөнийг 2010 оны 1 сарын 10-12-ны өдрүүдэд зохион байгуулав. Энэхүү уулзалт хэлэлцүүлэгт хүний эрхийн янз бүрийн чиглэлээр ажилладаг 40 гаруй төрийн бус байгууллагууд оролцож, Монгол улс дахь хүний эрхийн жинхэнэ төлөв байдлыг олон улсын хэмжээнд гарган харуулж, хохирогчдын дуу хоолойг хүргэх замаар Хүний эрхийн ээлжит дүгнэлт хэлэлцүүлгийг хүний эрхийн нөхцөл байдлыг газар дээр нь сайжруулах бодит арга хэмжээ болгон бодит үр дүнд хүргэх талаар ярилцав.

        Зөвлөгөөнөөс ХҮНИЙ ЭРХИЙН ЭЭЛЖИТ ДҮГНЭЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БЭЛТГЭХ МОНГОЛЫН ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГУУДЫН ФОРУМ  байгуулж, дараахь асуудлаар хүний эрхийн илтгэл бэлтгэн Хүний эрхийн ээлжит дүгнэлт хэлэлцүүлэгт илгээхээр тогтлоо. Үүнд:
        • Форумын нэгдсэн илтгэл буюу Монгол улсын хүний эрхийн төлөв байдлыг нэгтгэн дүгнэсэн илтгэл
        • 2008 оны 7 сарын 1-ний үйл явдалтай холбоотой хүний эрхийн зөрчлийн талаарх илтгэл
        • Байгаль орчин, уул уурхай
        • Хүнсний эрх
        • Цөөнхийн хүний эрхийн байдал
        • Шилжин суурьшигчдын хүний эрхийн байдал
     • Сонгох сонгогдох эрхийн хэрэгжилтийн асуудлуудаар тус тус илтгэл бэлтгэн оролцохоор тогтож Ажлын хэсгүүд байгуулав.

        Мөн Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт хэлэлцүүлгийн үйл явцын  бүхий л үе шатуудад хийх үйл ажиллагааны төлөвлөгөө, цогц стратегийг хэлэлцэж, Австралийн Засгийн газар болон Нээлттэй нийгэм форумын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэхээр тогтлоо. 

       Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт хэлэлцүүлэгт бэлтгэх төрийн бус байгууллагуудын форум нь нээлттэй байдлаар ажиллах бөгөөд хүний эрхийн асуудалд санаа зовнин ажилладаг  төрийн бус байгууллага, иргэдийг Хүний эрхийн ээлжит дүгнэлт хэлэлцүүлэгт бэлтгэх ажилд идэвхитэй оролцож хамтран ажиллахыг урьж байна. 

       Түүнчлэн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн баталсан журамд Хүний эрхийн ээлжит дүгнэлт хэлэлцүүлэгт илгээх Үндэсний илтгэлийг үндэсний хэмжээнд холбогдох бүх талуудтай өргөнөөр хэлэлцсэний үндсэн дээр бэлтгэхийг гишүүн улсуудын Засгийн газруудад зөвлөсөн байдгийг сануулж,  Монгол улсын Хүний эрхийн төлөв байдлын үндэсний илтгэлийг бэлтгэх бүхий л үе шатанд иргэний нийгэм, төрийн бус байгууллагуудыг оролцуулах ажлыг зохион байгуулж эхлэхийг Монгол улсын Засгийн газарт УРИАЛЖ байна.

ХҮНИЙ ЭРХИЙН ЭЭЛЖИТ ДҮГНЭЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БЭЛТГЭХ
МОНГОЛЫН ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГУУДЫН ФОРУМ

НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газар/Монгол