ХЭЗ нь хуучин НҮБ-ын Хүний эрхийн комиссын зарим чиг үүргийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж буй байгууллагын хувьд тухайн үед мөрдөж байсан зарим нэг журмыг үйл ажиллагаандаа хэвээр баримталж байна. Үүний нэг нь ХЭЗ-ийн үйл ажиллагаанд ТББ-уудын оролцох журмын талаар Хүний эрхийн комиссын үед дагаж мөрдөж байсан Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн 1990/31 тоот тогтоолыг баримталж буй явдал юм. Энэ тогтоолын дагуу зөвхөн Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн зөвлөх болон тусгай статус бүхий ТББ-ууд ХЭЗ-ийн үйл ажиллагаанд оролцох, аман болон бичгэн мэдэгдэл, мэдээлэл хийх боломжтой юм. Гэхдээ ийм статусгүй ТББ нь статус бүхий ТББ-тай хамтран эсвэл уламжлан ХЭЗ-ийн хуралдаанд мэдээлэл, мэдэгдэл хүргүүлж болно.
UPR нь ТББ-уудын оролцоог илүү нэмэгдүүлж чадсанаараа давуу талтай шинэ механизм болж чадсан. Учир нь Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн статусаас үл хамааран ямар ч ТББ UPR-т тайлан мэдээлэл хүргүүлэх, Ажлын хэсгийн хуралдаан болон түүний шийдвэрийг хэлэлцэн батлах ХЭЗ-ийн Бүгд хуралд оролцох боломжтой юм.