Нүүр хуудас  ›  Мэдээ
 
2017.09.22  Хүний эрхийн ТББ-ын Форумын гишүүд НҮБ-ын Тусгай илтгэгч Жон Нокстой уулзлаа
2016.11.20  “Хүний эрхийн тухай ярилцъя” өглөөний уулзалтад урьж байна
2016.01.22  "Хүний эрхийн тухай ярилцъя" Өглөөний уулзалт боллоо
2016.01.22  Хүний эрхийн ТББ-ын форумын ээлжит хурал боллоо
2015.07.09  НҮБ-ын ХЭЗ-өөс өгсөн зөвлөмжийг хүлээн авах эсэх талаар хэлэлцэв
  Хүний эрхийн ТББ-ын Форумын гишүүд НҮБ-ын Тусгай илтгэгч Жон Нокстой уулзлаа

2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Хүний эрхийн ТББ-ын Форумын гишүүд Нээлттэй Нийгэм Форумын танхимд НҮБ-ын хүний эрх, хүрээлэн буй орчны асуудал хариуцсан Тусгай илтгэгч Жон Нокстой уулзаж, 5 асуудлын талаар хөндөн, зөвлөмждөө тусгахыг хүслээ.

Хүний эрх хөгжил төвийн тэргүүн Г.Уранцоож Монгол Улсад байгаль орчны асуудлыг шүүхээр шийдвэрлэхэд тулгарч буй асуудлыг хөндөв. Тус байгууллага байгаль орчинтой холбоотой 40 гаруй хэрэг дээр ажилласны нэг нь 2009 онд Хөвсгөл аймагт олгогдсон форфоритын ордны лиценз юм. Тус лицензийг анх байгаль орчны үнэлгээ хийлгүйгээр олгосон нь хууль бус хэмээн тус байгууллагаас шүүхэд гомдол гарган цуцлуулсан. Харамсалтай нь шүүх хожим нь үнэлгээг хийсэн гэдэг үндэслэлээр лицензийг сэргээсэн. Хөвсгөл нь Монгол орны цэнгэг усны гол нөөц, малчдын гол амьжиргаа болсон бэлчээрийн арвин том нөөц газар юм. Гэтэл шүүх шударга дүгнэлт гаргадаггүй, шүүгч хараат бусаар ажиллаж чаддаггүй, ёс зүйгүй байдал гаргаж байгаа талаархи дүгнэлтийг тус жишээгээр баримтжуулан ярилаа. Түүнчлэн, зарим газар нутгийг тусгай хамгаалалтанд авах явдал төрийн олон шат дамжлагатай байгааг дурьдаж, эдгээр асуудлыг зөвлөмжинд тусгахыг хүслээ.

Глоб Интернэшнэл төвийн тэргүүн Х.Наранжаргал эрэн сурвалжлах сэтгүүл зүй, мэдэх эрхийн зөрчлийн асуудлыг хөндөв. Сүүлийн жилүүдэд 4 сэтгүүлч амиа алдсан. Гэтэл тэднийг өөрийн ажил мэргэжлээс болж ямар нэгэн халдлага, эрсдэлд өртсөн эсэхийг хуулийн байгууллага нарийвчлан шалгахгүй байгаа талаар ярилаа.

Хүнс Эвсэл ТББ-ын тэргүүн Г.Урантүлхүүр Монгол Улсад хүнсний аюулгүй байдлын талаар олон хууль тогтоомж гарч, шинээр сонгогдсон Ерөнхийлөгч саяхан энэ сэдвээр томоохон чуулга уулзалт хийн зарим нааштай алхам хийгдэж байгаа ч хараат бус хөндлөнгийн хүнсний лаборатори байхгүй байгааг дурьдав.

Хил хязгааргүй алхам ТББ-ын тэргүүн Н. Баярсайхан Алт-2 хөтөлбөрийн тулгамдсан асуудлын талаар ярилаа. Алт-1 хөтөлбөр нь Монгол оронд 27 жил хэрэгжиж, алтны хайгуулын болон олборлох лицензийг маш замбараагүй олгосон байдгийг тоон жишээгээр дурьдав. Тухайлбал, 1 хүнд 290 ширхэг лиценз олгосон баримт ч байдаг. Гэтэл Засгийн газар Алт-1 хөтөлбөрийг хэрэгжүүлж дуусаад тодорхой үнэлгээ хийгээгүй мөртлөө дахин Алт-2 хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж байгаа нь байгаль орчинд ихээхэн эрсдлийг дагуулж буйг Алт-1 хөтөлбөрийн зарим жишээн дээр тайлбарлан ярьлаа. Цаашдаа лицензийг тодорхой хугацаанд олгохгүй байхыг зөвлөмжинд тусгаж өгөхийг Тусгай илтгэгчээс хүслээ.

Эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг дэмжих холбооны тэргүүн Ш.Ариунаа Цагаан давааны хогийн цэг дээрх иргэдийн амьдрал ба хүний эрх сэдвийг хөндлөө. Тус байгууллага Хөгжлийн хэлхээ ТББ-тай хамтран Цагаан даваа дахь хогийн цэгт хог түүн амьдардаг 94 иргэний судалгааг гаргасан байна. Эдгээр иргэд хөдөө орон нутгаас уул уурхайгаас болж бэлчээрээ алдан амьдралын эрхээр хотын 4 хогийн цэгний нэг болох Цагаан Даваад ийнхүү хог түүн амьжиргаагаа залгуулдаг бол зарим нь Нийслэлийн бусад дүүргээс ирсэн иргэд байдаг аж. Иргэдийн амьдрал хүнд зарим нь хогийн цэг дээр овоохой барин амьдардаг бол зарим нь арай зайдуу газар суурьшдаг. Халдварт болон бусад өвчнөөр хүн нас барах нь элбэг бөгөөд хотын захиргаанаас саяхан Эко Паркыг байгуулах нэрийдлээр эдгээр иргэдийг хөөн, суурьшиж байсан газрыг авахаар мэдэгдэл өгсөн байна. Иймээс эдгээр 90 гаруй иргэдийн цаана байгаа үр хүүхэд,хань ижил зэрэг 300 хүний цаашдын амьдрал маш эмгэнэлтэй байгаа бөгөөд төр засгийн аливаа шийдвэр нийгмийн эмзэг бүлгийг улам цааашаа харанхуй ангал руу түлхэж байгааг баримтаар ярьлаа.

Уулзалтын төгсгөлд Нээлттэй нийгэм Форумын Засаглалын хөтөлбөрийн менежер Б.Хишигсайхан Хүний эрхийг хамгаалагчдын тухай хуулийн төслийг танилцууллаа. Хуулийн төслийг тус байгууллага Хүний эрхийн Үндэсний комисстой хамтран боловсруулж гол үзэл санаа, хуулийн зорилтыг тодорхойлжээ.


Хүний аюулгүй байдлын судалгааны төв ТББ
Эмэгтэйчүүд амьдрал ТББ
НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газар/Монгол